Dev.to Security 🔐 Cybersecurity 👁 0

$6.3 тэрбумыг хулгайлах ажиллагаанд хакерууд ажлын ярилцлага ашигласныг илрүүлснээ Binance мэдэгдэв

Binance биржээс $6.3 тэрбумыг хулгайлсан хакерууд ажлын ярилцлага авах нэрийдлээр хууран мэхлэх арга ашиглаж, компанийн дотоод хиймэл оюун ухааны хэрэгсэлд нэвтэрсэн болохыг илрүүлснээ тус компани мэдээллээ. Дэлхийн хам

Binance биржээс $6.3 тэрбумыг хулгайлсан хакерууд ажлын ярилцлага авах нэрийдлээр хууран мэхлэх арга ашиглаж, компанийн дотоод хиймэл оюун ухааны хэрэгсэлд нэвтэрсэн болохыг илрүүлснээ тус компани мэдээллээ.

Дэлхийн хамгийн том криптовалютын биржийг ажиллуулдаг тус компанийн мэдээлснээр хакерууд "нарийн зохион байгуулалттай, олон үе шаттай ажиллагаа"-ны дүнд системийнх нь хамгаалалтыг давж нэвтэрсэн байсан гэнэ.

Тухайлбал тэд хортой программ хангамж ашиглан Binance-ийн инженерүүдийн компьютерт нэвтэрч, улмаар биржийн хэтэвчнээс олон тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалютыг гаргаж авах боломжийг олгох хэрэгслүүдийг хяналтдаа авчээ.

Binance үүнийг "ноцтой бөгөөд маш нарийн зохион байгуулалттай халдлага" гэж нэрлээд "ийм зүйл болох ёсгүй байсан”-ыг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байна.

Binance сошиал хуудсаараа мэдээлэхдээ хакерууд "нийгмийн инженерчлэл" (social engineering) буюу хүмүүсийн сэтгэл зүй, зан төлөвт тулгуурласан хууран мэхлэх аргад суурилан инженерүүдийг нь онилсон гэнэ.

Энэ төрлийн халдлагад "фишинг" (phishing) зэрэг аргууд багтдаг бөгөөд хакерууд хүмүүсийг хуурч, хувийн нууц мэдээллээ өгөхөд нь хүргэснээр тухайн хүний ​​данс руу нэвтрэхийг оролддог.

Binance-ийн мэдээлснээр халдлагын үеэр нэгэн инженер ажлын байр хайх албан ёсны платформ дээр гарсан зарлалаар дамжуулан холбогдож, компанийн төлөөлөгч гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүстэй хуурамч ажлын ярилцлагад оржээ.

Халдагчид түүний итгэлийг олохын тулд хувийн зураг бүхий сошиал медиа хаягуудыг хуваалцах зэрэг "илүү боловсронгуй, хууран мэхлэх шинжтэй" аргуудыг ашигласан байна.

Хоёр дахь ярилцлагын үеэр нөгөө инженерээс "даалгавар" гэх нэрийдлээр хортой программ татаж авахыг хүссэн бөгөөд уг программ нь илрүүлэхэд хэцүү болгох тусгай арга техникүүдийг ашигласан хортой кодыг агуулж байжээ.

Үүний дараа аравдугаар сард хакерууд халдлагад өртсөн инженерийн компьютер болон компанийн дотоод хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан өөр хоёр инженерийн зөөврийн компьютерт нэвтэрч, халдлагын дараагийн үе шатуудыг хэрэгжүүлсэн байна.

Энэ хэргийн улмаас Binance дэлхий даяарх хэрэглэгчдийнхээ хөрөнгө татан авах үйлчилгээг зогсоосон бөгөөд Ням гарагт үйлчилгээг сэргээх хүртэл хэрэглэгчид криптовалютаа биржээс татаж авах боломжгүй болжээ.

Үйлчилгээ дахин нээгдсэний дараа хэрэглэгчид олон тэрбум ам.долларын хөрөнгөө татан авсан юм.

Тус компани "Энэ явдал манай хэрэглэгчид, түншүүд болон салбарын бусад оролцогчдод санаа зовох шалтгаан, үйл ажиллагааны доголдол, тодорхойгүй байдлыг үүсгэсэнд хүлцэл өчье" гэж мэдэгдсэн байна.

Мөн уг хэргийн дараа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, алдагдсан хөрөнгийг мөрдөх, царцаах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авснаа Binance дурджээ.

Түүнчлэн хохирлыг нөхөхөд шаардагдах хөрөнгийг 100 хувиар тооцон нөөцөлсөн бөгөөд Бямба гарагийн байдлаар нөлөөлөлд өртсөн хөрөнгийн 98 хувийг "нөхөн бүрдүүлсэн" гэж мэдэгдсэн байна.

$6.3 тэрбумын хохирол учруулсан энэхүү халдлага нь одоогоор крипто салбарт бүртгэгдсэн хамгийн том хакерын халдлагад тооцогдож байгаа юм.

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (FBI) болон Нууц алба (Secret Service) зэрэг хууль сахиулах байгууллагууд Binance платформ дээрх хэтэвчнүүдээс хулгайлагдсан крипто хөрөнгийг мөрдөн олоход туслалцаа үзүүлж байна.

Эдгээр байгууллагууд болон кибер аюулгүй байдлын шинжээчид уг халдлагад өмнө гарч байсан ижил төстэй халдлагуудын нэгэн адил Умард Солонгос зохион байгуулсан байж болзошгүй шинж тэмдгүүд агуулагдаж байгааг онцолжээ.

Мягмар гарагт Пёняны эрх баригчид энэхүү дүгнэлтийг эрс няцаасан юм.

Тус улсын өндөр албан тушаалтнуудын нэг, удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон уг буруутгалыг АНУ-аас Умард Солонгосын нэр хүндийг гутаах гэсэн "хорон санаат оролдлого" хэмээн нэрлэжээ.

Умард Солонгосын "Lazarus Group" гэгддэг "TraderTraitor" бүлэглэлийг 2025 онд Bybit крипто биржээс $1.5 тэрбумыг хулгайлсан хэрэгт буруутгаж байсан бөгөөд энэ нь тухайн үедээ хамгийн том хохирол учруулсан халдлагад тооцогдож байв.

Binance өмнө нь Умард Солонгосыг уг халдлагад холбоотой гэж хэлэхээс зайлсхийж байсан бол Мягмар гарагийн мэдэгдэлдээ "Холбооны Мөрдөх Товчооны гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл энэ хэрэгт БНАСАУ буруутай болох нь харагдаж байна" гэж бичжээ.

Халдлагын дараах аюулгүй байдлыг бэхжүүлэх ажлын хүрээнд Binance компани аюул заналыг илрүүлэх чадвартай хиймэл оюун ухааны хэрэгслүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мөн хөндлөнгийн кибер аюулгүй байдлын шинжээчдийг оролцуулан уг хэрэг явдалд бүрэн хэмжээний шалгалт хийлгэхээр болсноо мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус компани аюулгүй байдлын судалгааны сан байгуулж, хиймэл оюун ухаан болон аюулгүй байдлын чиглэлээр тэргүүлэгч компаниудтай хамтран тусгай санаачилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дурджээ.

Эх сурвалж: BBC

📰 Read the original article on Dev.to Security

Originally published by Dev.to Security. Aggregated on AIWithGhost for educational purposes — full credit and traffic to the original publisher.